Илтгэлийн нэр: Өргөн тээвэрлэх машин төхөөрөмжийн салбарт төрийн бодлого үгүйлэгдэж байна.       

 

            Би Өргөн тээвэрлэх машин, төхөөрөмж үндэсний холбооны удирдах зөвлөлийн дарга Батсайхан гэж хүн байна. Манай холбоо байгуулагдаад 1 жил болж байна. Бидний энэ холбоог байгуулах болсон шалтгаан нь Өргөн тээвэрлэх машин төхөөрөмжийн салбарт төрийн бодлого үгүйлэгдээд байгаатай холбоотой. Тийм ч учираас би өнөөдөр энэ талаар ярихаар шийдсэн. Харин бидэнд үгээ хэлэх боломжийг олгосон чуулганыг зохион байгуулагчид та бүхэнд талархалаа илэрхийлье.

            Социализмын үед манайд Барилгын яаманд механикжуулалтын хэлтэс гэж байлаа. Тэр үеийн ББМҮЯ барилгын ажлын механикжуулалтын талаар тодорхой бодлого боловсруулж, төрөөс авах арга хэмжээг сайн гүйцэтгэж байсныг дурьдах хэрэгтэй гэж үзэж байна. Тэр үед боловсруулж байсан олон нормативын бичиг баримтыг өнөөдөр хүртэл бид хэрэглэсээр байна. Мөн барилгын эрдэм шинжилгээний институтэд 6 хүний бүрэлдэхүүнтэй секторыг ажиллуулж, барилгын машины ашиглалтын байгууллагуудад төлөвлөгөөт урьдчилан сэргийлэх засвар ТҮ-ний системийг мөрдүүлэх ажлыг зохион байгуулан, шинэ техник технологийг нэвтрүүлэх, механик инженерүүдийн мэргэжилийг нь дээшлүүлэх гэх мэт ажлуудыг гүйцэтгэж байлаа.

             Зах зээлийн системд орсноос хойш Яамнаас механикжуулалтын хэлтэс гэж үгүй болоод, сүүлдээ механикжуулалтын асуудал хариуцсан мэргэжилтэн ч байхгүй болсон.

            Үүнээс хойш механикжуулалт, техникийн талаар төрөөс гүйцэтгэдэг аливаа ажил тасарсан гэж хэлж болно. Харин өнгөрсөн онд шинэчлэн найруулсан Барилгын тухай хуульд Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх ажлын хүрээнд барилгын ажлын механикжуулалтын талаар төрөөс явуулах бодлогыг хариуцах, өргөх байгууламж, түүнийэд ангийн үйлдвэрлэлийг өөрийн оронд хөгжүүлэхийг тусгай зөвшөөрлийн хэлбэрээр дэмжих асуудлыг тусгаж, өнөөгийн байдлаар яаманд техникийн бодлого хариуцсан нэг ахлах мэргэжилтэнтэй болсонд талархаж байгаагаа хэлье

            Хэдэн жилийн өмнө би Барилга хот байгуулалтын Яамны нэг газрын даргаас яагаад Яаманд механикийн асуудал хариуцсан хүн байдаггүй юм бэ гэж асуусан чинь бүх үйлдвэр, машин техник нь хувьчлагдчихсан учир төрийн үүрэг функц гэж байхгүй болчихсон гэж хариулсан. Хэрэв тийм бол одоо барилгын бүх байгууллагууд хувьчлагдчихсан байгаа өнөөгийн тохиолдолд Барилга хот байгуулалтын Яамны хэрэг байна уу гэдэг асуудал гарна биздээ

            Уг нь төр улсын үйлдвэрээс гадна хувийн байгууллагад ч зохицуулалт хийх үүрэгтэй биздээ. Жишээ нь: Барилгын машин, өргөн тээвэрлэх машин, бусад машин төхөөрөмжийн ажлын бүтээмжийн болон зардлын норм үнэлгээг боловсруулан гарган, шинэчилж өгөөд байвал тэр нь хувь хүмүүс, байгууллагад үйлдвэрийн болон бизнесийн төсөл хийсэн ч, тэд төлбөр тооцоогоо бодсон ч мөрдөж байх гол гарын авлага болно биздээ. Энэ нь зөвхөн хувийн байгууллагад ч хэрэгтэй биш төрөөс янз бүрийн тендер зарлаж байна. Ирүүлсэн төслийг юутай харьцуулж хянаж байгаа билээ. Миний сонссоноор 1986 онд Барилгын Яаманд механикжуулалтын хэлтэс байх үед баталж байсан норм үнэлгээг хэрэглэж байгаа сурагтай байна.

            Техникийн хөгжил асар хурдацтай явагдаж байна. 20 жилийн өмнө хэрэглэж байсан техникт тавигдаж байсан шаардлага, аюулгүй ажиллагааны заавар өнөөгийн техникт таарахаа больж Гэтэл энэ талаар ямар нэг шинэчлэл хийгдэлгүй 30-аад жил болж байна. Манайд сүүлийн үед нэвтрээд байгаа машин төхөөрөмжийн үйлдвэрлэгч орнуудын барилгын норматив баримт бичгийн системд “барилгын машины ашиглалт, аюулгүй ажиллагааны цогц баримт бичгүүд байдаг. Тэгвэл ядаж тэдгээрийг орчуулаад өөрийн орны онцлогийг тусган боловсруулж, мөрдүүлэх асуудал маш хангалтгүй, огт хөндөгдөөгүй байгааг Яамны удирдлагуудад хандаж хэлмээр байна.

            Одоо би Өргөн тээвэрлэх машин төхөөрөмжийн салбарт төрөөс хэрэгжүүлэх тулгамдсан асуудлаас ярихыг хүсэж байна

            1. Барилгын кран, өргөгчийн талаар. Өнөөдөр барилга дээр нийт 300 гаруй цамхагт болон сумт кран ажиллаж байна. Тэдгээрийн 90% нь аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй кран байгаа. Үлдсэн 10%-нь шинээр орж ирсэн сүүлийн үеийн крануудыг хэлж байна. Дурын барилга дээр очиход аюулгүй ажиллагааны шаардлага хангаагүй кран ажиллуулсан гээд үйл ажиллагааг нь зогсоох эсвэл барилгын байгууллагад нь торгууль тавих боломжтой байгааг та бүхэн мэдэж байгаа юу. Учир нь ийм зөрчил хаа сайгүй байгаа бөгөөд хэдийгээр бүрэн бус кран ажиллуулснаар краны эзэн буруудах боловч мөн тийм кранаар ажлаа гүйцэтгэсний хувьд барилгын байгууллагууд бас бурууддаг дүрэмтэй

            Яагаад кранууд бүрэн бус байна вэ гэхээр тэдгээрийг ослоос хамгаалах хэрэгслийг нь туршдаг, тохируулдаг, засдаг, нийлүүлдэг газар Монголд байдаггүй. Ийм газрыг бий болгож уг нь болно. Энэ өөрөө бас бизнес. Гэвч хөрөнгө гаргаад ийм газар байгууллаа гэхээр кранууд ирж үйлчлүүлэх эсэх нь тодорхойгүй байдаг. Би өөрөө үүнийг хянадаг улсын байцаагч байсан хүн. Энэ талаар барилгын яаманд хандаж зохицуулалт хийхийг хүссэн. Тэгэхгүй бол хэзээ ч осол гарахад бэлэн байгааг бас хэлсэн. Гэтэл тэр хүн бүх бүрэн бус краныг зогсоо гэсэн Хэрэв зогсоовол бүх барилгын ажил зогсоно шүүдээ гэхэд хамаагүй зогсоо, зогсоогоод ирэхээр тэд онгоцоор хаа байгаа газар луу нь нисэж очоод тэр дутуу зүйлийг нь авч ирээд л хэвийн болчихно гэж надад хэлсэн. Тэр хүн барилгын инженер хүн байсан тул цаад учирыг нь ойлгохгүй байсан. Тэр үед би хэрэв яаманд техник хариуцсан хүн байсан бол гэж бодоод өнгөрсөн шүү

            Иймд Яамнаас барилгын крануудын ослоос хамгаалах хэрэгслийг туршиж тохируулдаг, засдаг байгууллага бий болгох эрх зүйн зохицуулалтыг бий болгож зах зээлийг байлгах талаар гэрээ байгуулж ажлыг нэн даруй эхлүүлэх зохицуулалтын ажлыг хийж өгөхийг хүсэж байна. Манйа ТББ-ч энэ талаар хамтран ажиллахад бэлэн байна

            2. Лифтийн талаар. 1990 оноос хойш лифтийн шинэ үе бий болоод бүх улс лифтээ шинэчлээд дуусаж байна. Гэтэл манай лифтний 80 гаруй хувь нь 90 оноос өмнөх үеийн лифт байдаг. Энэ нь орон сууцнуудын лифтийг хэлж байна. Сүүлийн 2,3 жил БХБЯ, Нийслэлийн Засаг даргын газраас тендер зарлан 100 аад лифтийг сольж байна. Лифтүүдийг солих мөнгө санхүүгийн хүндрэл байгаа тул бүгдийг нь солих боломж байхгүйг ойлгож байна.

            Гэтэл Монголд лифтийн экспертийн байгууллага гэж байдаггүй. Хэрэв ийм байгууллага байгаа нөхцөлд ядаж солих лифтэнд эксперт хийснээр бүхлээр нь солихгүй хэсэгчлэн солих боломжтойг тодорхойлж болно. Ингэснээр нэг лифтийг шинэчлэх зардлаар 2 лифтийг шинэчлэх боломжтой болох юм. Манайд өнөөдөр энэ боломжийг ашиглахгүй үрэлгэн ажил хийгдэж байна. Энд БЗТЯ-наас зохицуулалт дутагдаж байна. Эдгээр нь Яамны ганц нэг мэргэжилтний хийх ажил биш мэргэжлийн групп ажиллах шаардлагатай ажлууд юм. Би нэг удаа лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийг БХБЯ-аар батлуулахаар ШУТ-н зөвлөлөөр оруулж хэлэлцүүлсэн юм. Тэгэхэд тэнд лифтийн талаар мэддэг нэг ч хүн байхгүй бөгөөд ганцаас бусад нь барилгын инженерүүд байсан. Харамсалтай нь тэр барилгын инженерүүд дотор бидний мэргэжил биш тул бид энэ талаар шийдвэрлэх боломжгүй гээд хэлчих хүн байсангүйгээр барахгүй тэс хамаагүй зүйл асуугаад суугаад байсан нь их харамсалтай басйан шүү. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Яаманд машин техникийн бодлогын асуудлыг гүйцэтгэдэг, хэлэлцэн шийдвэрлэдэг мэргэжлийн групп байх шаардлагатай байгааг хэлэх гэсэн юм

           

 

                        “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж” үндэсний холбоо 2009 он