"ӨРГӨН ТЭЭВЭРЛЭХ МАШИН ТӨХӨӨРӨМЖ" ҮНДЭСНИЙ ХОЛБОО

 

Барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд барилга дээр ашиглаж байгаа кран, өргөх төхөөрөмжийн төлөвлөлт, ашиглалт, аюулгүй ажиллагаанд онцгой анхаарах шаардлагатай юм.

Өнөөдөр Монголд 10000-аад тооны лифт, кран, барилгын өргөх тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Эдгээрийн ашиглалтыг сайжруулж, аюулгүй ажиллагааг хангахад зөвхөн төрийн байгууллагад ажиллаж байгаа хэдхэн мэргэжилтний үйл ажиллагаа хүрэлцдэггүй тул салбарын инженер мэргэжилтнүүдийн идэвх, санаачилга, мэдлэг чадварыг дайчлах шаардлагатай байдаг.

Иймд “Өргөн тээвэрлэх машин төхөөрөмж” үндэсний холбоог лифт, краны мэргэжлийн байгууллагын төлөөлөл, салбарын инженерүүд үүсгэн байгуулж 2008 оны 11 сарын 20-ны өдөр албан ёсоор бүртгүүлсэн.

Холбооны удирдах зөвлөлийн даргаар Г.Батсайхан, гүйцэтгэх захиралаар Н.Ганболд тус тус ажиллаж байна.

Холбооны зорилго:  Монгол улсад ашиглагдаж байгаа өргөн тээвэрлэх машин, төхөөрөмжийн салбарын бодлого, төлөвлөлтөд мэргэжлийн талаас хувь нэмрээ оруулж, техникийн аюулгүй ашиглалт, технологийн дэвшлийг салбартаа дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад оршино.

Холбоо байгуулагдаад дараах үйл ажиллагааг явуулж байна.

1.  Лифтийн засварчин-механикч, лифтчин, краны угсралт, засварын механик, кранчин, оосорлогч дохиочны тур сургалтыг зохион байгуулахаас гадна краны ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч, лифт, кран эзэмшигч, ашиглагч байгууллагын удирдах ажилтнууд, бүрэн бүтэн байдал ба хяналт хариуцагч нарт сургалт явуулж байна.

2.  БХБЯ-наас гаргаж байгаа бодлогын баримт бичиг, дүрэм журмуудад гишүүдийхээ саналыг нэгтгэн өгч, тендерт оролцон дүрэм, стандарт боловсруулах, тэдгээрийг редакторлох, саналаа өгөх маягаар төрөөс гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдэд гишүүдийнхээ санал бодлыг тусгуулах гүүр нь болон ажиллаж байна.

3.  Салбарын байгууллага, мэргэжилтнүүдийн мэдээлэл авах, саналаа солилцох индэрийг бий болгох зорилгоор вэб сайт нээн ажиллуулж байна.

4.  Барилгын салбарын ТББ-ууд нэгдсэн зохион байгуулалтад орж төрийн байгууллагатай харилцах зорилгоор 11 мэргэжлийн байгууллага нэгдэж Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийг байгуулаад ажиллаж байна. Манай холбоо үүний нэг гишүүн байгууллага нь болсон бөгөөд удирдах зөвлөлийн гишүүнээр манай төлөөлөл ажиллаж байна.

5. Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 холбоо нэгдэж нэгдсэн ТББ байгуулсан ба түүнд манай холбоо нэгдэн орсноос гадна удирдах зөвлөлийн гишүүнд манай холбооны төлөөлөл сонгогдон ажиллаж байна.

             5.   Механикийн чиглэлээр мэргэшсэн, зөвлөх инженерийн сургалтыг зохион байгуулахад оролцож, зэрэг горилох бүтээл хамгаалах шалгалтын комисст орж ажиллаж байна.

            Түүнээс гадна БХБ-н сайдын тушаалаар батлагдсан Барилгын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн салбар хорооны гишүүнд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын  эрсдлийн үнэлгээний зөвлөлд, МХАҮ-ийн танхимийн дэргэдэх Барилга, дэд бүтцийн зөвлөлийн тэргүүлэгч гишүүнд болон техникийн чиглэлийн тендерийн үнэлгээний хороонуудад манай холбооны төлөөлөл орж ажилладаг.